Blog Home

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧДИЙГ ИЛ БОЛГОХОД МАНЛАЙЛАГЧ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

October 28, 2021   |   Comments

Англи

Майкл Баррон, Лаура Кийн, Тим Лоу

Монгол Улсад манлайлагч үгүйлэгдэж байна. Ялангуяа уул уурхайн салбар, цаашлаад эдийн засгийн бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эцсийн өмчлөгчдийг ил тод болгох үйл явцыг удирдан чиглүүлэхэд манлайлагч хэрэгтэй юм. Эцсийн өмчлөгчдийг ил тод болгох энэхүү үйл явц нь компанийг хэн эзэмшин хянаж, ашгийг нь хүртэж буйг мэдэх боломжийг иргэдэд олгодог. 2019 оны байдлаар ДНБ-ний 24%-ийг нь уул уурхайн салбар эзэлсэн бөгөөд  улс орны ашигт малтмалын нөөцийг ашиглахад хэн хөрөнгө оруулж, хайгуул, олборлолтыг ажлыг хийн, тус салбарын ханган нийлүүлэлтийг сүлжээнд оролцож байгаа компаниудын жинхэнэ эзэмшигч хэн болохыг мэдэх эрх нь иргэдэд бий.

Эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг хангах чиглэлд Монгол Улс томоохон ахиц гаргаад байгаа юм. 2020 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн улсын бүртгэл  хариуцсан байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ) нь бүх хуулийн этгээдэд эцсийн өмчлөгчийн мэдээллээ гарган, тайлагнах үүргийг хуулиар тодорхойлсон байдаг. Тус оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ойролцоогоор 30000 гаруй хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ гарган, хүргүүлжээ. Гэвч одоогоор энэхүү мэдээлэл нь эрх бүхий төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагуудад л нээлттэй байна.

Хэрэв УИХ-ын зүгээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах тохиолдолд эцсийн өмчлөгчдийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр Монгол Улс дахин нэг томоохон алхам хийхээр байна гэж үзэх нөхцөл бүрдэх юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр эцсийн өмчлөгчийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар тусгагдаж байгаа юм. Энэхүү мэдээллийг олон нийтэд ил тод болгох хуулийн заалт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд тухайн мэдээллийг авч, үр өгөөжийг нь хүртэхэд томоохон саад тотгортой нүүр тулна. Тийм учраас эцсийн өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр манлайлагч чухал үүрэг гүйцэтгэхээр байна.

Өнөөг хүртэл гаргасан амжилтаа бататган, цааш эрчимтэй үргэлжлүүлэхэд манлайлагч чухал үүрэгтэй. Хуульд оруулах нэмэлт өөрчлөлт эцэслэн батлагдаж, бодит амьдрал дээр шуурхай хэрэгжихэд шаардлагатай нөөц эх үүсвэрийг (цаг хугацаа, санхүү, хүний нөөцийн чадавх) бүрдүүлэхэд манлайлагч нөлөө үзүүлэх боломжтой. Түүнчлэн тус манлайлагчаас төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн дунд эцсийн өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг хангахын давуу тал,  Монгол Улсад бизнес эрхэлж байгаа этгээдийн талаарх бодит мэдээллийн үр өгөөжийг олон нийтэд ойлгуулах, соён гэгээрүүлэхэд чиглүүлэх үүрэгтэй оролцох шаардлагатай. Тэдгээр давуу талуудад мөн бизнесийн үйл ажиллагааны үр өгөөжийг хэн хүртэж байна гэдгийг ойлгуулах, нийгэмд итгэлцэл бэхжүүлэх, шударга ёсыг ханган илүү өрсөлдөх чадвартай бизнесийн орчин бүрдүүлэн, ашиг сонирхлын зөрчил, авлига, залилан болон бусад санхүүгийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх зэрэг багтах юм.

Манлайлагчид тогтсон ажлын тодорхойлолт гэж байхгүй бөгөөд ЛинкедИн хуудсаас хийх ажлын чиг үүргийг олж харна гэж найдалтгүй юм. Энэ үүргийг гүйцэтгэх хүн нь эрх хэмжээтэй, итгэл даахуйц, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүн байх шаардлагатай. Мөн төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудтай итгэлцэл бүхий бат бэх харилцаатай, эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах хүчтэй дуу хоолой болон хүсэл эрмэлзэлтэй байж нөөц эх үүсвэрийг зохистой хуваарилахад гол үүрэг гүйцэтгэх юм. Манлайлагч нь Засгийн газар эсвэл парламентын түвшний, Засгийн газрын гишүүнээс эсвэл хууль тогтоогчоор ажиллаж байсан туршлагатай байх нь зохистой.  Эсвэл тухайн этгээд нь бизнесийн салбарын эсвэл иргэний нийгмийн манлайлагч ч байж болно.  Хамгийн чухал нь тэрбээр танигдсан, нөлөө бүхий хүн байх явдал юм.

Монгол улс нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэгч орон юм. ОҮИТБС-ыг хэрэгжүүлж эхэлсэн 2003 онд  нийтэд танигдсан, итгэл төрүүлэхүйц удирдан манлайлагчийн хийж чадах эерэг өөрчлөлтийн жишээнүүдийг дурьдсан байдаг.  БиПи хэмээх олон улсын газрын тосны компанийн тухайн үеийн Гүйцэтгэх захирал Лорд Брауни ОҮИТБС-ын нийгэмд үзүүлэх эерэг үр дагаврыг онцолж, тус санаачилгыг идэвхтэй дэмжигч, манлайлагч болсон түүхтэй. Түүний бизнесийн салбар дахь түүний нэр хүнд, Засгийн газар, иргэний нийгэмтэй харилцах хандлага нь  түүний дуу хоолойг хүчтэй болгож, бодитой нөлөө үзүүлж байжээ. Түүний зүгээс ОҮИТБС-д үзүүлсэн дэмжлэг нь тухайн санаачилгын хэрэгжилтэд түлхэц өгсөн юм. Тэрбээр Европ, Хойд Америкийн газрын тосны томоохон компаниудын дэмжлэгийг татаж чадсан байдаг. Түүнчлэн тэрээр Засгийн газруудын эргэлзээг тайлж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг ойлгуулсан.

Эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангахын тулд Монгол Улс нь уул уурхайн салбарт болон нийт эдийн засгийн хүрээнд итгэл даахуйц, хариуцлагатай бизнесийн орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах өөрийн “Лорд Брауни”-г олох шаардлага тулгараад байна. Энэхүү манлайлагчийг олж тогтоохын тулд хэд хэдэн арга замыг туулах хэрэгтэй байж мэдэх юм.  Уг асуудлыг сонирхон судалдаг нэр нөлөө бүхий төрийн албан тушаалтан эсвэл хууль тогтоогч энэхүү үйл явцыг манлайлан ажиллаж, эрх зүйн шинэтгэлийг урагшлуулах боломжтой.  Эсвэл иргэний нийгэм, бизнес, төрийн байгууллагын албан бус төлөөллийг зөвшилцөн тодорхойлж, тухайн хүний манлайллыг харуулах ч боломж бий. Түүгээр барахгүй манлайлагч өөр үйл ажиллагаанаас ч тодрон гарах магадлалтай. Эцсийн өмчлөгчдийн мэдээллийн санг бүрдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг бүрдүүлэх нь төрийн зүгээс хийх ажил нь байх ёстой. Тус ажлын хэсгийн ахлагч нь үндсэндээ эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах ажилд  манлайлагч болдог жамтай.

Манлайлагч хэн байх, түүнийг хэрхэн тодорхойлохоос үл хамааран эцсийн өмчлөгчийн иж бүрэн мэдээллийн санг бүрдүүлэхэд хэд хэдэн саад тотгор учирдаг байна. Эдгээрээс хамгийн гол сорилт нь тухайн мэдээллийг цахимжуулах явдал юм. Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын энэхүү үйл ажиллагааг эцсийн өмчлөгчдийн мэдээллийг цахим хэлбэрээр нийтэд хүргэхэд чиглүүлэх нь манлайлагчийн үүргийг нэг хэсэг байх нь зүйтэй.   Цахимжуулснаар энэхүү мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, хадгалах, түгээх үйл явцыг хялбарчлах боломжтой юм. Эцсийн өмчлөгчийн бүртгэл, тэр дундаа мэдээллийн технологийн бүрэлдэхүүн хэсэгт санхүүжилтийн хэрэгцээ гарах тул тухайн манлайлагч нь шаардлагатай төсвийг хуваарилуулах үүргийг гүйцэтгэнэ. Санхүүгийн дэмжлэг нь төрөөс болон бусад гаднын эх үүсвэр, олон улсын хөгжлийн банк, техникийн туслалцааны хүрээнд олгогдох боломж бий.  Манлайлагч нь боломжит эх үүсвэрийг тодорхойлох, энэхүү тусламжийг эрж хайхад нь Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ажлыг гүйцэтгэвэл зохилтой.

Монгол Улс нь зөвхөн эцсийн өмчлөгчдийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлд чухал алхам хийгээд зогсохгүй санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өөрт тулгамдаад байгаа сул талуудаа заларуулах дорвитой арга хэмжээ авсаар иржээ.  2020 онд Монгол Улс нь ФАТФ-ын “саарал жагсаалт” хэмээн нэрлэгддэг нэмэгдүүлсэн хяналтад шилжсэн улс орны жагсаалтаас  амжилттай гарсан байдаг.  Харамсалтай нь Энэхүү амжилтыг гаргаснаас хойш авлига, мөнгө угаах болон бусад хууль бус санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл явц сулраад байна.

Эцсийн өмчлөгчийн чиглэлээр ч ахиц гаргасан бөгөөд үйл ажиллагааны эрчим мөн сулрах нөхцөл бүрдэх вий гэсэн болгоомжлол байна. Монгол Улсад бизнесийн үр ашгийг хэн хүртэж байгааг илүү ил тод болгох ажлыг урагш ахиулах  нийтэд танигдсан, нөлөө бүхий манлайлагч шаардлагатай юм. Монгол Улсыг эцсийн өмчлөгчдийн мэдээллийн ил тод байдлыг хангасан улс хэмээн тунхаглахадихээхэн хүчин чармайлт, урт замыг туулах шаардлагатай байх нь дамжиггүй.

Эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах Монгол улсын туулж буй замналын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл эцсийн өмчлөгчийн ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тусган харуулсан манай тайлантай танилцана уу.

Photo © Gennadiy Kolodkin/World Bank

Leave a Reply

Comment Guidelines

Your email address will not be published. Required fields are marked *

Global & Regional Initiatives to Catalyze Stronger Systems

R4D designs and leads global and regional initiatives that connect local leaders and their partners to promote local agendas and achieve locally led results.